top of page

The Future of Creativity

"Бүү нуугаарай, бүү нуугдаарай" төслийн хамт олны төлөөлөл Н.Онон

Updated: Oct 15

Энэ удаагийн дугаараар бид "Бүү нуугаарай, бүү нуугдаарай" төслийг онцлон, тус кампанит ажлын бүтсэн түүхийг хуваалцахаар боллоо.

Дугаарын зочноор "Хүүхдийг ивээх сан"-н хүүхэд хамгаалах төслийн мэдээлэл, харилцааны зөвлөх Н. Онон оролцсон бөгөөд түүнтэй ярилцсан сонирхолтой яриаг та бүхэн хүлээн авна уу.


Өөрийгөө болон “Хүүхдийг ивээх сан”-н тухай товчхон танилцуулна уу.


Намайг Н. Онон гэдэг. Хүүхдийг ивээх сангийн хүүхэд хамгаалах төслийн Мэдээлэл, Харилцааны зөвлөхөөр ажилладаг. Хүүхдийг хамгаалах сан нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр 1994 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр үндсэн 5 чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Би энэ 5-н чиглэл дундаас голчлон “Охидыг хүчирхийлэл мөлжлөгөөс хамгаалах” нь төсөл дээр ажиллаж байна.

Та уншигчдадаа хандан өөрийн ажиллаж буй “Чи Ганцаараа Биш - Бүү нуугаарай, бүү нуугдаарай” аяны талаар мэдээлэл өгөөч.

Яг нэрнээсээ манай кампанит ажлын хүргэх гээд байгаа гол санаа харагдаж байгаа. Өсвөр насны хүүхдүүдэд тохиолддог асуудал бэрхшээл дундаас бидний хамгийн их олонд түгээхийг хүссэн сэдэв бол бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг. Энэ төрлийн асуудал гарвал чи хэзээ ч ганцаараа биш шүү гэдэг мессежийг л бид нар хүргэхийг зорьсон.

Чамайг хамгаалах хүмүүс эргэн тойронд чинь байгаа шүү. Тэр хүмүүстээ бид нар өөрийнхөө асуудлыг нуухгүй, нуугдахгүйгээр хэлж мэдэгдэх хэрэгтэй гэж уриалсан ийм аяныг л бид явуулж байна.



Тус аяныг санаачлах санаа анх яаж бий болсон бэ?


Манай төсөл 2021 оны 5-р сараас, 2024 оны 5 сар хүртэл 3-н жилийн хугацаатай хэрэгжихээр анх COVID-19 цар тахлын нөхцөл байдалтай зэрэгцэн эхэлж байсан. Төсөл анх бичигдэхдээ 4 гол зорилготой байсны нэг нь энэ нөлөөллийн ажил бөгөөд олон нийтэд сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан төслийнхөө үзэл санааг хүргэх чиглэлтэй байсан.


Тус аяныг хэрэгжүүлж байхад тохиолдсон эерэг үйл явдлуудаас дурдвал?

Бид нар сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамж талбай гэх мэт байж болох бүх сувгаар дамжуулан хүүхдүүдэд мэдээллээ хүргэхийг зорьсон.

Тэгж байгаа ч гэсэн үнэхээр бидний хүргэх гээд байгаа мессежийг хүүхдүүд яг зөв өнцгөөр олж авч чадаж уу гэдгийг мэдэхийн тулд бид сургуулиудаар яваад биечлэн уулзалт хийсэн. Цагдаагаас болон хүчирхийллийн үндэсний төвөөс зөвлөхүүд маань ирж сургууль дээр нь яриа хийсний дараа хүүхдүүд маань чин сэтгэлээсээ ярьж байсан.

Ямар нэг асуудал тохиолдлоо гэхэд аав ээждээ хэлэх болон цагдаа, 108 руу ярина. Багш, нийгмийн ажилтандаа хандана гэх мэт бүх мэдлэгийг хүүхдүүд маань авчихсан байна.

Хүчирхийллийг нуугаад байх тусам асуудал нь цаашаагаа даамжраад нөгөө хүүхдэд маань бүр том сөрөг нөлөө үзүүлдэг.

Тиймээс хүүхдүүдтэйгээ биечлээд уулзахад хүүхдүүд маань “Аан ойлголоо” “Ямар ч тохиолдолд хэн нэгэн миний биед зөвшөөрөлгүй хүрэхэд, надад тав тухгүй санагдаад байгаа бол энэ хэзээ ч миний буруу биш. Би ямар ч байсан тэр цагт нь таслан зогсоогоод хэн нэгэнд хэлэх ёстой юм байна” ойлголоо гэж хэлэхэд л бид нар баярлаад явчхаж байгаа юм.

Хүүхдүүд маань хэн нэгэнд хэлдэг байгаасай, хэлээд хамгаалагдах гарц гаргалгааг хайдаг байгаасай гэж бодож аянаа эхэлсэн маань үр дүнд хүрж байгаа юм байна гэж бодож их баярлаж байсан.

Таны хийж буй ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ?


Би өмнө нь арван хэдэн жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан. Тэр ажил маань олон нийтэд үнэн зөв, бодит тэнцвэртэй мэдээллийг хүргэдэг нь их сайхан. Гэхдээ миний сэтгэлийн мухарт би өөрөө эмэгтэй, ээж хүн болоод ч тэр үү хүүхдийн төлөө ямар нэгэн зүйл хийх юм сан гэх хүсэлтэй байгаад байсан юм. Тийм учраас ер нь энэ чиглэлийг хэвлэл мэдээлэлтэй холбосон ажил хийж болох юм байна гэж бодоод “Хүүхдийг ивээх сан”-д ажиллахаар шийдсэн. Миний хэвлэл мэдээллийнхээ салбартаа ажиллах, хүүхдийн төлөө ямар нэгэн зүйл хийх гэсэн энэ 2 хүсэл маань хоёулаа нэгдчихсэн ажиллаж байгаа маань хамгийн сайхан санагддаг.

Ямар шалтгаанаар Viral хамт олонтой хамтран тус төслийг хэрэгжүүлэхээр болсон бэ? Viral-н хамт олонтой хамтарч ажиллахад ямар байдаг вэ?


Сонголтын хувьд манай байгууллага олон нийтэд нээлттэй тендер явуулдаг. 2-3 үе шаттай маш нарийн дарааллаар сонгон шалгаруулалт зарлаж оролцогч байгууллагуудын бичиг баримт бүрдүүлэлт, өмнөх туршлага, техникийн болон хүний нөөц гэх зэрэг олон хүчин зүйл дээр үндэслэн ажиллах байгууллагаа сонгодог. Үүн дээр үндэслэн тус төсөл дээр "Viral" агентлаг сонгогдсон. Мэдээж төсөл эхлэх үед сайн нэгнийхээ бодлыг ойлголцоогүй учраас үүсэх асуудлууд гарч байсан. Гэхдээ түүнээс хойш бид нар ямар зорилгын төлөө явж байгаа билээ гэдгээ аль аль талдаа ойлгоод жижиг алдаануудаа засаад явсан. Одоо дүгнэж хэлэхэд манай байгууллага мөн Viral ч тэр аль аль талдаа бүгд бүх хүчээ дайчлан ажиллаад, ажлаа үр дүнтэйгээр амжилттай дуусгаж чадлаа. Дараа дараагийн том төслүүд ч бид нарыг хүлээж байна даа.


Эхлүүлсэн төслөө амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн том нөлөө үзүүлдэг, хамгийн чухал зүйл таны хувьд юу байдаг вэ?

Төлөвлөгөө болон харилцаа. Хүн аливаа ажлыг хурдан хийе гэвэл ганцаараа хийж болох ч нэлээн холын үр өгөөжтэй, цар хүрээ сайтай хийе гэвэл олуулаа багаараа ажиллахыг эрхэмлэдэг. Тэгэхээр багийн ажиллагааны хамгийн чухал нь харилцаа. Хамтарч ажиллаж байгаа хүмүүстээ өөрийнхөө юу хүсээд байгаагаа сайн ойлгуулаад эргээд тэр хүмүүсээс ямар гүйцэтгэл, хамтын ажиллагаа, ямар үр дүн хүсээд байгаагаа маш сайн ойлгуулж чадсан байхад явцдаа жижиг асуудал гарсан ч тэрийгээ тухайн үед нь засаад байх боломжтой.


Та ажил хэрэг болон өөрийн хувийн амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?


Ажил дээр баримталдаг зарчим гэвэл төлөвлөгөөтэй байх. Багийн ажлын хувьд бүх юм төлөвлөгөөний дагуу байвал үр дүндээ сайн амжилт гаргаж чаддаг. Амьдралын хувьд ч гэсэн би бүх зүйлийг нарийн төлөвлөдөг. Эмэгтэй хүн чинь их олон үүрэгтэй байдаг шүү дээ. Амьдралд ээж байна, эхнэр байна, эмэгтэй хүн байна, энд ирээд бас хийх ажил байна. Энэ бүхнийг маш сайн төлөвлөөд баланслаад явчих юм бол аль аль талдаа цагаа зөв зарцуулаад явах боломжтой байдаг.


Нэгэнт асуулт маань хувь хүний шинж рүү орсон учир үргэлжлүүлээд хувийн асуултууд асууя гэж бодлоо. Та ажлын бус цагаар, ажлаас өөр юу хийж аз жаргал мэдэрдэг вэ?


Ер нь тэмдэглэл хөтлөх дуртай. Жаахан сэтгэл санаа үймэрсэн эсвэл маш их баярласан үедээ, ганцаараа байхдаа тэмдэглэл бичдэг. Өдөр тутам дэвтэр дээрээ заавал хийх зүйлсийн жагсаалтыг үүсгэхээс гадна өөрийнхөө тэр өдөр төрсөн мэдрэмжийг их бичиж хуваалцдаг. Мөн ирээдүйн юмыг нааш нь авчирч бичих дуртай. Сүүлийн үед “Хөтлөгч Онон” гэх цахим хаягаа идэвхтэй хөтөлж байгаа.


Таны үзэх дуртай кино, нэвтрүүлэг юу вэ?


Миний хамгийн үзэх дуртай кино бол “The Notebook” (Тэмдэглэлийн дэвтэр) гэдэг кино. Би энэ киног маш олон удаа давтаж үзсэн. Үзэх бүрт надад гоё мэдрэмж өгдөг. Эрэгтэй, эмэгтэй жүжигчид, гарч байгаа үйл явдал бас дээр үеийн 2 давхар байшин, төгөлдөр хуур гээд бүх юманд нь маш их дуртай.


Та яг одоо өөрийн хүссэн ямар ч газар луу аялж болно гэвэл хаашаа аялах вэ?


Би “Emily in Paris” (2020)-д их дуртай. Яг тэр киноны үйл явдал өрнөдөг Парисын нарийхан гудмын тэнд круассан (Croissant) идээд тайван суугаад л, загварын шоу үзээд л, орой нь Эйфелийн цамхгийг тойроод эрэг дээр оройн зоог бариад л суухыг хүсдэг. Яг тэр газар луу л явж үзмээр санагдаад байгаа. Киног нь үзэх болгондоо тэнд очиж үзэхийг хүсдэг дээ


Та хамгийн анх сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ? Түүнээс юу суралцсан бэ?


Би анх МУИС-д Олон улсын харилцаагаар суралцсан. Харин анхны ажил бол 2-р курстээ MҮОНТ-ийн Гэрэлтэй цонх студид гэрээт хөтлөгчөөр ажилласан явдал. Тэр цагаас эхлээд өнөөдрийг хүртэл миний ажил үргэлж хэвлэл мэдээллийн салбартай нягт холбоотой явж ирсэн. Түүний дараа “UBS” телевизэд ажилд ороод одоо ч ажлынхаа хажуугаар мэдээний нэвтрүүлэгчээр ажиллаж байна. Тэр ажил маань бас л миний хийх дуртай ажил.

Би өөрөө сэтгүүлчээр хэвлэл мэдээллийн хүрээлэнг төгсөөд одоо хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа ч гэсэн олон улсын харилцааны сургуульд сурсан зүйлс маань одоо ч маш их хэрэг болдог.


Таны ажиллаж буй мэргэжлээр яг одоо суралцаж буй, дөнгөж ажлын гараанд гарж байгаа шинэ залуу үеийнхэнд хандаж юу гэж хэлмээр байна.


Чи одоо дөнгөж сургуулиа төгсөж байгаа, магадгүй хэвлэл мэдээллийн салбарт ажиллах дур сонирхолтой эсвэл олон улсын байгууллагад ажиллах сонирхолтой гээд мөрөөдөл чинь юу ч байж болно. Ер нь хаана ч ажиллах байлаа гэсэн юунд дуртай гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй юм байна лээ. Дуртай зүйлээ хийж байгаа цагт явцдаа засарна, сайжирна. Дээрээс нь дуртай юман дээрээ хүн цагаа зарцуулахаар стресс нь хүртэл бага байдаг. Өглөө ажил руугаа яарч, ажлаа ял гэж ойлгохгүй хийх боломжтой.

Ямар ч мэргэжлийг хэн ч сонгосон бай би энэ мэргэжилд яг дуртай билүү? гэдгээ л олчихвол ажлаа мөнгө олохын төлөө биш, ажлын 8-н цагийг өнгөрөөхийн төлөө гэж харахгүйгээр ажиллаж чадна.

Тэр нь л хамгийн гоё. Тэгэхээр дөнгөж төгсөж байгаа хүүхдүүд байвал өөртэйгөө илүү сайн ярилцаж дотогшоогоо өнгийгөөсэй гэж хүсэж байна даа.


Манай дугаарт оролцож өөрийн ажлын арвин туршлагаас харамгүй хуваалцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.


Ийнхүү Н. Онон гэх гэрэлтсэн эмэгтэй бид хоёрын яриа өндөрлөлөө. Уншигч та бүхэнд үнэтэй мэдээллийг хүргэсэн гэж найдаж байна. Дараагийн дугаараар ахин уулзацгаая.



8 views0 comments

Comments


Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг бүтэн цаг болон хагас цагаар ажиллахыг урьж байна.

bottom of page