Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авсанд тань баярлалаа. Та өөрийгөө товчхон танилцуулна уу.
Намайг Гантулга гэдэг. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан ахлах ажилтнаар ажилладаг.
Монгол улсад байгаль орчны бүтээн байгуулалт болоод зэрлэг амьтдын нүүдэллэх орчин стандартын бус харагддаг. Энэ асуудал дээр танай байгууллага ямар байр суурьтай байдаг вэ, ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Дэлхийн байгаль хамгаалах сан нь зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтэц төлөвлөх, бүтээн байгуулах чиглэлээр 2013 оноос хойш ажиллаж, 2015 онд Зам, тээвэр хөгжлийн яам болон Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай хамтран Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр замын дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6515:2015 стандартыг бий болгосон. Түүнчлэн 2018 онд мөн адил Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6735:2018 стандартыг боловсруулж батлуулахад хамтран ажилласан.. Энэ онд зэрлэг амьтанд хал багатай Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа, Ерөнхий шаардлага MNS 7042:2024 стандартыг бий болгоход дээрх 2 яамдтай хамтран ажиллаж батлуулсан.
Яагаад зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийг сонгон авч, ажиллахаар шийдсэн бэ?
Алтанбулаг Замын-Үүд хоорондын төмөр зам нь 1950-иад оны эхээр баригдсан. Энэ төмөр замын дагуу өргөст торон хашаа байдаг. Төмөр зам нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийг хязгаарлаж, амьдрах орчныг нь хувааж, ус бэлчээртээ хүрэх боломжийг нь сүүлийн 70 гаруй жилийн турш хаасан. Энэхүү хашаанаас болж хулан төмөр замын зүүн талд бүрэн устаж үгүй болсон. Мөн төмөр замын баруун талд цагаан зээр маш ихээр хорогдон цөөрсөн. Мөн түүнчлэн хэлбэл өргөст торон хашаанд жил бүр олон арван мянган амьтад гацаж, тээглэж үхдэг.
“Хэрэв төмөр замыг зэрлэг амьтан нэвтрэн гарах боломжтой гарц гарамтай байгуулж, өргөсгүй торон хашаатай барьвал зэрлэг амьтад шаардлагатай үедээ чөлөөтэй төмөр замын нөгөө талд нь гарч бэлчээр, усандаа хүрч, элдэв байгалийн хүнд үзэгдэл, нөхцлөөс зайлсхийх боломж нь бүрдэх юм.”
Тус төслийг хэрэгжүүлэх хугацаанд ямар саад бэрхшээлтэй нүүр тулсан бэ?
Энэхүү стандартууд нь ганц төслийн хүрээнд бус олон төслийн хүрээнд хавсарга байдлаар хийгдсэн ажлууд юм. Манай байгууллагын гол зорилго бол нүүдлийн амьтдын нүүдэл, шилжилтийг тасалдуулалгүй чөлөөтэй хэвээр нь хадгалан үлдээх бөгөөд үүний тулд шаардлагатай хууль, эрхзүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
“Стандартыг бий болгохдоо төрийн болон хувийн хэвшлийн алба хаагч, ажилтнуудад зэрлэг амьтдад, тэдээрт шугаман дэд бүтцийн үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн талаар мэдлэг олгох шаардлагатай байдаг.”
Төрийн байгууллагуудтайгаа олон уулзалт хийсний дараагаар зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтэц төлөвлөх ажлын хэсгийг ЗТХЯ, БОАЖЯ-ын яамдын хамтарсан тушаалаар 2022 онд байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд ЗТХЯ болон бусад талуудтай хамтран төмөр зам болон хурдны авто замын дагуух хашааны стандартыг бий болгосон. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын дэмжлэггүйгээр энэхүү стандартыг бий болгох боломжгүй бөгөөд хамтрагч байгууллагууддаа нөхцөл байдлыг ойлгуулж, дэмжлэг авах шаардлагатай болдог.
Төслийн хүрээнд МУИС-ийн байгалийн ухааны сургуулийн хичээлийн хөтөлбөрт Зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийг судалж эхлүүлснээр оюутнуудад ямар үр дүн гарах вэ?
Шугаман дэд бүтцийг бүтээн байгуулдаг, үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудын ажилчдын дунд зэрлэг амьтдад шугаман дэд бүтцийн үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн талаар ойлголт дутмаг байдаг. Тиймээс одоо ажиллаж байгаа инженер, ажилтнуудад мэдлэг олгох зорилготойгоор олон сургалтууд зохион байгуулсан. Мөн МУИС болон ШУТИС-ын инженер, байгаль орчны чиглэлийн оюутнуудад мэдлэг ойлголт өгөх зорилгоор их сургуулиудын хичээлийн хөтөлбөрт зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийн сэдвийг тусгахаар ажиллаж байна. Одогийн байдлаар МУИС-ийн 10 хичээлийн хөтөлбөрт зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийн талаар агуулгыг оруулж оюутан сурагчид дээрх мэдлэгийг олж авч байна.
Энэхүү төслийн талаар иргэд, олон нийт хэр ойлголттой байсан бэ?
Иргэд төмөр зам, авто зам дагуу амьтад үрэгдсэнийг хараагүй л бол чухам шугаман дэд бүтэц нь яаж зэрлэг амьтдад нөлөөлж буйг мэдэх боломжгүй тун хом юм. Иймд бидний зүгээс иргэд олон нийтэд зориулсан ажлуудыг жил бүр тогтмол хэрэгжүүлж, тодорхой хэмжээний мэдлэг ойлголтыг өгч чадсан.
Цаашдаа ямар төсөл санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
Шинээр баригдах шугаман дэд бүтэц болох төмөр зам, авто замын дагуу зэрлэг амьтдын давхцсан амьдрах орчин, холбоос нутгуудад үндэсний гарцын стандартуудын дагуу гарц гарам байгуулах зөвлөмжийг боловсруулан хүргүүлж, стандартын хэрэгжилтийг хангуулах ажилд дэмжлэг үзүүлэхээр ЗТХЯ болон БОУАӨЯ-уудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
“Зэрэгцэн амьдаръя”, “Анхаар”, “Хуванцаргүй Хуралдъя”, “Бөхөндэй” эдгээр нийгмийн нөлөөллийн ажлууд нь байгаль орчны асуудалд олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, зэрлэг амьтдын аюулгүй байдлыг хангах, тэдний амьдрах орчныг хамгаалахад ихээхэн үр нөлөө үзүүлсэн. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь эдгээр ажлуудаар дамжуулан, зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдэл шилжилтийг чөлөөтэй байлгахад хувь нэмрээ оруулсаар байгаад талархаж байна. Танай байгууллагын цааш цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье.
Comentários